Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XI хуралдаан буюу 2026 оны эхний хагас жилийн ээлжит хуралдааныг 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хуралдуулахаар хуульд заасан хугацаанд буюу 7 хоногийн өмнө товлон зарласан боловч төлөөлөгчдийн ирц хүрээгүй шалтгаанаар хуралдаан хойшлогдлоо.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь улирал тутам хуралдаж, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, нутаг дэвсгэрийн хөгжлийн богино, дунд хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн санал хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бөгөөд шаардлагатай тохиолдолд ээлжит бусаар хуралдаж тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй.
Энэ удаагийн хуралдаанаар сумын 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтийн явцын тайланг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэр гаргах байсан болно.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд оролцох, санал гаргах, хуралд асуудал санаачлан оруулах, сонгогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, үйл ажиллагаагаа сонгогчдод тайлагнах зэрэг эрх, үүргийг хэрэгжүүлэхээр хуульчилсан байдаг.
Иймд иргэд, сонгогчдынхоо итгэлийг хүлээн сонгогдсон төлөөлөгчид хуульд заасан эрх, үүргээ ухамсарлан, Хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хуралдааны ирцийг ханган ажиллахыг уриалж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Харьяалах нэгж: Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба
Албан тушаал: Нарийн бичгийн дарга
Нэр: Я.Батмөнх
Утас: 99778290
И-мэйл: moogii8087@gmail.com


