1922 онд Хяргас сум нь Дөрвөд далай хан аймгийн “Баянмандал уулын хошуу тамгын газар” нэртэйгээр одоогийн Хяргас сумын Бугат багийн нутаг дэвсгэр Баянмандал уулын бэлд байгуулагдсан.
Ардын засгаас 1925 оны 05 дугаар сарын 02-нд Ховдын харьяат газрын нутгийн захиргааны дүрэм гэгчийг баталж, Дөрөвдийн 2 аймгийг өөрсдийнх нь хүсэлтээр нэг аймаг болгож, 1925 оны 11 дүгээр сарын 21-нд Чандмань уулын аймгийг байгуулж, Улаангомд төвлөрүүлж, шинээр 8 хошуу, 41 сум, 15 баг, 610 өрхтэйгөөр байгуулсан байна. Засаг захиргааны зохион байгуулалтаар Дөрвөд далай хан аймагт захирагдсан арван баядын хошууг хуучин Зоригт ханы аймагт захирагдаж байсан Ерөөлт бэйсийн хошуутай нэгтгэж, Баян мандал уулын хошуу хэмээн нэрлэж Чандмань уул аймагт захируулжээ. Түүнчлэн БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 5 дугаар хурлын тогтоолоор засаг захиргааны шинэ зохион байгуулалт хийж, 13 аймаг байгуулахад Чандмань уулын аймаг Ховд, Увс аймаг болон хуваагдсан бол Увс аймаг нь 16 сум, 150 баг 9133 өрх, 43188 хүн амтай байжээ. Харин хуучин Чандмань-уулын аймгийн Баянмандал уулын хошуу нэртэй байсныг задалж Урьдын баядын хошуудаас Зүүнговь, Малчин, Тэс, Хяргас сумыг байгуулжээ.
Хяргас сум нь Улаанбаатар хотоос 1250 орчим км, Увс аймгийн төв Улаангом хотоос 160км алслагдсан, аймгийнхаа зүүн урд зүгт 341.6 мянган км квадрат талбайг эзлэн, уртрагийн дагуу сунаж тогтсон. Сумын нутаг дэвсгэрийн 94.9 хувь нь малын бэлчээр, 2 хувь нь тариалангийн талбай, 2.1 хувь нь ойн сан, ус, суурьшил бүхий газар эзэлдэг. Өмнө тал нь Хяргас нуурын хойд эргийн 800-1000м өндөрт өргөгдсөн цөлжүү хээр ( наран бие), 1400 м орчим өндөрт өргөгдсөн дундаж өндөр уулсын хээр, төв хэсэг 2000-2500м өндөрт орших Хан хөхий нурууны төв хэсгийн нугат хээр, ойт хээр, хойд хэсэг нь 1000-1400м орших (ар биеийн хөдөө) хялганат хээр, таарт цөлжүү, хээрийн бүсүүд хослон оршино. Өмнө захын цэг нь Хяргас нуурын урд шугамын үзүүр, хойд захын цэг нь зэлийн эх, зүүн захын цэг нь Хангилцагийн гол, баруун захын цэг нь Цагаан бургасны гатлага, хамгийн өндөр цэг нь Борхайрхан,/ овоон хяр / Далайн түвшнээс дээш 2591м, хамгийн нам цэг нь Зэлийн худаг далайн түвшнээс дээшээ 900м орчим. Баруун талаараа Малчин, хойд талаараа Зүүн говь, зүүн хойд хэсгээрээ Баруунтуруун, зүүн хэсгээрээ Цагаанхайрхан, өмнөд хэсгээрээ Хяргас нуураар Завхан сумтай хиллэнэ.
ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗАР, ЗҮЙЛС:
Тус сумын нутаг нь түүх соёлын дурсгалт зүйлээр нэн баялаг билээ.
- ü Хадны сүг зураг-11
- ü Эртний хиргисүүр-9 орчим
- ü Хүн дүрст хөшөө-27
Түүхийн дурсгалт газар-8 орчим байгаа бөгөөд түүхэн 870 орчим үзмэртэй Баяд ястны зан заншил, ахуйн соёлыг харуулсан музей бий. Үүнээс гадна Борхайрханы овоо, Цагаанхайрханы овоо, Булганхангайн овоо, Бугатын овоо, Тахилтын овоо, Булганхангайн Даянчийн агуй, Шаарахын нуур, Тагийн булгийн суурин, Өвгөний суурин Булганхангайн суурин, Тэрэм хадны зоо, Цалгарын дэнжийн булш, Бунхан, Да лам Цэрэнчимэдийн гэрэлт хөшөө, Хяргас сумын хуучин төвийн суурь гэх мэт байгалийн үзэсгэлэнт түүхийн дурсгалт олон газар бий.