2025 оны 03 дугаар сарын 15-нд буюу Хаврын тэргүүн сарын шинийн 16-ны билигт сайн өдөр Майдар эргэх шашны уламжлалт зан үйлийн ажиллагаа боллоо. Энэхүү үйл ажиллагааг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГ, Сүсэгтний холбоотой хамтран жил бүр зохион байгуулж, сүсэгтэн олноороо даган баясдаг уламжлалтай билээ. Майдар бурхан нь энэрэл нигүүлсэл, эв нэгдэл, сэргэн мандалт, амар амгалан, хөгжил дэвшлийн билэг тэмдэг ажээ. Майдар эргэх ёслол гэдэг нь Майдар бурхан залран ирж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд тэдний амар амгалан оршихыг билгэдэн ач ивээлээ хайрлаж буйг харуулсан шашны зан үйл юм.
Майдар эргэх үйл ажиллагаанд сумын ард иргэдээс гадна зэргэлдээ Зүүнговь, Улаангом сум болон Улаанбаатар хотоос нутгийн уугуул иргэд хүрэлцэн ирж оролцлоо.