Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

СУМЫН ГХУСАЗСЗ-ИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЖ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

2026-10-15

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр болж, хуралдааныг тус зөвлөлийн дарга С.Булганхүү даргалан явуулав.

Хуралдаанаар сумын хэмжээнд 2026 оны эхний 10 сарын байдлаарх гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг цагдаагийн ахлагч Н.Наранцогт, гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан М.Цэрэнтогтох, Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан Ш.Доржпалам нар тус тус танилцууллаа.

Мөн аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай зөвлөмжийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцэв.

2026 оны эхний 9 сарын байдлаар аймгийн хэмжээнд гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 3 хувиар өссөн бөгөөд сумдын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг 3.5 дахин, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 3 дахин өссөн үзүүлэлттэй байгааг онцолж, дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэх шаардлагатай талаар санал солилцов.

Хуралдаанаас дараах чиглэлээр ажил зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Үүнд:

1. Худалдаа, үйлчилгээний байгууллагуудад хяналт тавих

Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, бараа бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, ажиллах цагийн хуваарь, камерын хяналтын ашиглалт зэрэгт анхаарч, холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр ажиллана.

2. Насанд хүрээгүй хүүхдийг замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх

Насанд хүрээгүй хүүхдүүд мотоцикл, автомашин жолоодох зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эх, асран хамгаалагчдад цагдаагийн хэсгээс анхааруулга, сэрэмжлүүлэг хүргүүлж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.

3. Гэр бүлийн хүчирхийлэл болон архидан согтуурахтай холбоотой эрсдэлээс урьдчилан сэргийлэх

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх эрсдэлтэй, мөн иргэд олноор цугларч архидан согтуурах магадлалтай айл өрх, иргэдтэй биечлэн уулзаж, анхааруулга, зөвлөгөө өгнө. Мөн хууль эрх зүйн мэдээлэл бүхий гарын авлага, тараах материал хүргүүлж, шөнийн эргүүл, хяналтыг тогтмол зохион байгуулна.

4. Согтуугаар болон жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлөөс сэргийлэх

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ болон жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгсэл эзэмшигч, жолооч нарт чиглэсэн мэдээлэл, сурталчилгаа, сэрэмжлүүлэг хүргэж ажиллана.

5. Малын хулгай болон хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Хөдөөгийн багуудад ажиллаж, идэш, хүнсний бэлтгэлийн үе эхэлж байгаатай холбогдуулан мал сүргээ байнгын хариулга, маллагаатай байлгах, малын бүртгэл, шилжилт хөдөлгөөнд анхаарах, малын хулгайгаас урьдчилан сэргийлэх, малчдын сонор сэрэмж болон хамтын хяналтыг сайжруулах чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгнө.

Түүнчлэн хүрээлэн буй орчныг хамгаалах, хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх, худалдах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар малчид, иргэдэд мэдээлэл хүргэж, сэжигтэй үйлдэл илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад шуурхай мэдээлэхийг зөвлөнө. Энэ чиглэлээр хууль эрх зүйн гарын авлага, мэдээлэл, сэрэмжлүүлгийн материалыг иргэдэд хүргэж ажиллахаар боллоо.

Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ холбогдох байгууллага, албан тушаалтнуудын хамтын ажиллагааг хангаж, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах 

  • Харьяалах нэгж: Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба
  • Албан тушаал: Нарийн бичгийн дарга
  • Нэр: Я.Батмөнх
  • Утас: 99778290
  • И-мэйл: moogii8087@gmail.com

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11267
8709 / 77%
1154 / 10%
401 / 4%
1003 / 9%